Скайтел ХХК
Скайтел групп (Skytel Group) нь Монголын мэдээлэл технологийн цогц үйлчилгээ үзүүлэгч групп компани юм. Скайтел групп анх 1999 онд зах зээлийн 2 дахь оператор компани болон үйл ажиллагаагаа эхлэсэн бөгөөд нийт ажилтны тоо, борлуулалтын орлого, улсад төлсөн татварын хэмжээ зэрэг үзүүлэлтээр шалгаруулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг юм. Өнөөдөр Скайтел групп нь үүрэн холбооны бүх төрлийн үйлчилгээ болон хөдөлгөөнт интернэт өргөн зурвасын интернэт, IPTV үйлчилгээ, OTT видео стрийминг үйлчилгээнүүдийг тус тус үзүүлж байна. Мөн үндэсний хэмжээний шилэн кабелийн интернэт оператор болох Скайнетворкс компанийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байна. 2022 оны байдлаар үүрэн холбооны хувьд Монгол Улсын нийт зах зээлийн 20 хувийг, интернэт IPTV үйлчилгээний зах зээлийн 2 гол тоглогчийн нэг бөгөөд зах зээлийн 1/3 эзэлж байна. Монгол, Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан Скайтел компани 1999 оны гуравдугаар сарын 25-наас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2010 онд компанийн Солонгос талаас эзэмшдэг хувьцааг Монголын томоохон групп компаниуд болох Алтай холдинг, Шунхлай холдинг нар худалдаж авснаар 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай үндэсний хэмжээний компани болж өргөжин тэлсэн юм. Скайтел групп Монгол орон даяар үүрэн холбооны 800 мянга гаруй хэрэглэгч, IPTV, интернэт, суурин утасны нийт 100 мянга гаруй хэрэглэгчдэдээ 65 салбар, 7 мянга гаруй гэрээт борлуулагчдаараа дамжуулан үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Скайтелийн роуминг үйлчилгээний сүлжээ дэлхий даяар 240 гаруй орныг хамарч байна.